Дональд Трамп: “Гал зогсоох хэлэлцээр амь төдий байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны талаас тавьсан дайныг зогсоох саналыг “байж боломгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгдлээ. Тэрээр Ираны талын тавьсан сөрөг саналыг “хэтэрхий сул” гэж шүүмжлээд, нэг сарын хугацаанд үйлчилж буй гал зогсоох хэлэлцээр “амь төдий” (on massive life support) байгааг анхааруулав.
Ираны тавьж буй шаардлагууд:
BBC-ийн мэдээлснээр Иран улс дайныг бүрмөсөн зогсоохын тулд дараах гурван гол нөхцөлийг АНУ-д тулгаж байна.
Тэнгисийн бүслэлтийг цуцлах: АНУ-ын зүгээс Ираны эрэг орчимд тогтоогоод буй цэргийн бүслэлтийг зогсоох.
Ормузын хоолойн хяналт: Ормузын хоолой дахь Ираны бүрэн эрхт байдлыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх.
Нөхөн төлбөр: Дайны явцад учирсан хохирлыг АНУ-аас нөхөн төлүүлэх.
Ормузын хоолой дахь цэргийн хүч зузаатгал
Ормузын хоолой дахь нөхцөл байдал “бүрэн хэмжээний дайн” руу эргэн орох өндөр эрсдэлтэй байна.
Их Британийн оролцоо: Их Британи улс Ормузын хоолойн хамгаалалтад зориулж сөнөөгч онгоц, дрон болон байлдааны хөлөг онгоц илгээхээ амлалаа. Нийт 40 гаруй улс энэхүү хамгаалалтын ажиллагаанд нэгдэхээр төлөвлөж байна.
АНУ-ын цохилт: АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоцууд руу халдсаны хариуд Америкийн тал Ираны пуужин хөөргөх цэгүүд, дрон удирдах төвүүд болон тагнуулын байгууламжуудад агаараас цохилт өгсөнөө баталлаа.
Иран доторх нөхцөл байдал
BBC-ийн тусгай сурвалжлагч нарын мэдээлснээр Иран улсын эрх баригчид олон нийтийн интернетийг хязгаарлаж, дотооддоо цэргийн дэглэм тогтоогоод байна. Ард иргэд дайн дахин идэвхжиж, бөмбөгдөлт эхлэхээс маш их айдастай байгаа бөгөөд сэтгэл зүйн дарамтад орсон байгааг Тегеран дахь эх сурвалжууд мэдээлж байна.