БНФУ СОР17 хуралд өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоо илэрхийлэв

Улаанбаатар хотноо энэ оны наймдугаар сард зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд БНФУ-ын Засгийн газар, хувийн хэвшил, эрдэмтэн, судлаачдын баг өргөн бүрэлдэхүүнтэй, ач холбогдол өгч оролцоно.

Энэ тухайгаа БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрера БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очиртой уулзах үеэрээ дурджээ.

Уулзалтаар хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, COP17 хурлын бэлтгэлд хамтран ажиллах талаар санал солилцсон байна. Мөн ус, ой, биологийн олон төрөл зүйлийг хамгаалах, хог хаягдлын менежментийг сайжруулж, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх талаар хэлэлцэв.

Мөн БНФУ-ын Парис хотноо болсон Их-7 /G7/-гийн байгаль орчны сайд нарын дээд хэмжээний уулзалтад сайд Ц.Сандаг-Очир оролцож, цөлжилтийг багасгах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах тухай хэлэлцсэн хэлэлцээр амжилттай болсонд талархал илэрхийлжээ.

Сайд Ц.Сандаг-Очир хоёр улсын хамтын ажиллагаа цаг уур орчны шинжилгээ, ус, ой, биологийн олон төрөл зүйлийг хамгаалах, хог хаягдлын менежментийн чиглэлд хөгжиж ирснийг тэмдэглээд, Францын Засгийн газраас ЦУОШГ, Ойн газар, Усны газартай хамтран хэрэгжүүлэх “Монголд цөлжилтийн эсрэг тэмцэх нь” төсөлд нэг сая орчим еврогийн санхүүжилт олгохоор шийдсэн нь цөлжилттэй тэмцэх, хөрсний доройтлыг багасгах томоохон дэмжлэг болж буйд талархал илэрхийллээ.

Тус төсөл нь цаг агаарын урьдчилсан мэдээ боловсруулах, ой хээрийн түймрээс сэргийлэх, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, усны удирдлага ялангуяа гүний усны нөөцийн тогтвортой удирдлагын чиглэлээр шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг бий болгох зорилготой. Төслийг хэрэгжүүлснээр хоёр орны байгаль орчны хамтын ажиллагааг бэхжүүлж, манай улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарт ихээхэн хувь нэмэр, үр өгөөжөө өгөх юм.

0 Сэтгэгдлүүд
Хуучин нь эхэндээ
Шинэ нь эхэндээ Хамгийн их лайктай нь