Францын хөл бөмбөгийн шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе өөрийнх нь талаар арьсны өнгөөр ялгаварласан агуулгатай мэдэгдэл хийсэн Парагвайн сенатч Селеста Амарильяг “эрхэлж буй албан тушаалдаа тэнцэхгүй, жигшүүртэй эмэгтэй” хэмээн “X” нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.
Өмнө нь сенатч Амарилья ДАШТ-ий 1/8 шигшээд Франц, Парагвайн шигшээ багуудын тоглолт (1:0) дууссаны дараа Мбаппег арьсны өнгөөр нь доромжилжээ. Уг тоглолтын хожлын цорын ганц гоолыг Мбаппе оруулсан юм. Үүний дараа Францын хөл бөмбөгийн холбоо Амарильягийн мэдэгдлийг байж боломгүй зүйл хэмээн үзэж, прокурорын байгууллагад хандахаа мэдэгдсэн байна.
Та энэ ДАШТ-ий туршид эрч хүч, нэр төрөө гайхуулсан Парагвай улсыг төлөөлж чадахгүй. Таны хариуцлагагүй, арьсны өнгөөр ялгаварласан үзлээс болж дэлхий нийт танай тоглогчдын ДАШТ-д гаргасан түүхэн амжилт, зүтгэлийг хэдийнээ мартаж, одоо зөвхөн улс орныхоо нэр хүндийг унагаж буй чадваргүй нэгэн хатагтайн тухай ярьж байна. Түүн шиг хүмүүсийг дэлхий даяар үзэн ядалт, арьсны өнгөөр ялгаварлах үзлээ чөлөөтэй түгээхийг би хэзээ ч зөвшөөрөхгүй” гэж Мбаппе бичжээ.
Парагвайн засгийн газар Мбаппегийн талаар хийсэн Амарильягийн мэдэгдлийг зэмлэн буруушаасан байна. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон довтлогчийг дэмжиж байр сууриа илэрхийлсэн бол Олон улсын хөл бөмбөгийн холбооны (ФИФА) ерөнхийлөгч Жанни Инфантино мөн Амарильяг буруушаасан мэдэгдэл хийжээ.
Өдгөө 27 настай Мбаппе 2024 оноос хойш Испанийн “Реал Мадрид” клубт тоглож байгаа юм. Тэрбээр багийнхаа бүрэлдэхүүнд 2024/25 оны улиралд Испанийн Супер цом, Тив хоорондын цомын эзэн болсон. Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд тэрбээр ОХУ-д болсон 2018 оны ДАШТ-д түрүүлж, Катарт болсон ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн билээ.
Францын шигшээ баг шөвгийн наймд Мароккогийн багтай тоглоно.